Мэдээ, мэдээлэл

Хятадын тээвэрлэлтийн гол зангилаа хотуудад тогтоосон шинэ хөл хорио олон улсын нийлүүлэлтийг дахин саатуулж байна.

Хятадын гол боомт хотууд хөл хорионд орсноор Оргил улирлын үеэр нийлүүлэлтийн сүлжээнд дахин хүндрэл учруулж байна.

Мөн Ерөнхийлөгч Ши Жинпин 3-р 5 жилдээ дахин томилогдон ажиллах нь тодорхой болж байгаа энэ үед Коммунист Намын хурал дээр Хятад тэг-Ковид бодлогыг өөрчлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Цар тахлын халдвар хэвийн үзэгдэл болсон ч үнэн хэрэгтээ, Ковидын хязгаарлалтууд Нингбо, Шанхай, Тианжин дахь нийлүүлэлтийн сүлжээнд цохилт болж байна.

Нингбо боомтын ойр орчмын бүх газарт хөл хорио тогтоосноор нөхцөл байдал хамгийн хүнд байна хэмээн тээвэр зуучууд мэдээллэж байна.

Их Британийн тэргүүлэх тээвэр зууч Davies Turner-с өгсөн мэдээнд: “Бэйлунь дахь терминал, боомт, агуулахууд хаагдсан. Чингэлэг тээврийн жолооч нарын white-list систем хэрэгжиж байгаа боловч өнгөрсөн долоо хоногт гарсан эерэг тохиолдлоос хойш ихэнх чингэлэг тээврийн машинуудыг зогсоогоод байна.

Маш цөөн тооны машинууд хөдөлгөөнд оролцож байгаа хэдий ч зорчих зөвшөөрөлтэй жолооч нарыг Бэйлунаас бусад газарт нэвтрүүлэхгүй байдалтай байна. FCL чингэлгийн ачилтын өмнөх тээвэрлэлт болон хүргэлтийн тээвэр хүнд бэрхшээлтэй тулгарч байна.

Одоогоор зөвхөн Нингбогийн Бэйлуний ойр орчимд хөл хорио тогтоож гаднаас ирэх ачааг нэвтрүүлэхгүй байдалтай байна. Шанхайг боломжит хувилбараар сонгож байгаа хэдий ч тээвэрлэлтийн хөлс нэмэгдэж байна” гэж мэдээллээ.

Олон улсын нийлүүлэлтийн сүлжээний гол төлөөлөгч Ligentia группын мэдээллэж байгаагаар Шанхайд боомт, терминал, агуулахуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч хөл хорио тогтоож тусгаарлалтад орсон хотуудаас шалтгаалан удаашрал үүсч байна гэлээ.

Мөн Тианжинд далайн боомт, агаарын боомт, агуулахууд багасгасан хүчин чадлаар ажиллаж “хаалттай менежмент”-ийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж мэдээллээ.

Энэ үеэр мөн агаарын ачаа тээврийн гол зангилаа Женжоу хотод хөл хорио тогтоож, нэг сая гаруй хүн Жонюань дүүрэгт хоригдоод байна.

Харин DHL-ийн мэдээллэж буйгаар “Хятад тэг-Ковидын бодлого нь үйлдвэрлэл болон экспортын гол хотууд болох Ченду, Далиан, Гуанжоу, Шенжень, Тианжинд том цохилт болж байна. Хэдийгээр боомтуудынх нь үйл ажиллагаа хязгаарлалтын хүрээнд явагдаж байгаа ч, дотоодын үйлдвэрлэл, логистик нь зогсонги байдалд ороод байна” хэмээлээ.